Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн муудах нь ямар эрсдэлтэй вэ?

2024-04-12 10:01
Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн муудах нь ямар эрсдэлтэй вэ?

Бидний гэдэс өдрийн 24 цагийн турш зогсолтгүй ажилладаг ба хоол хүнсийг боловсруулж, шим тэжээлтэй бодисуудыг ялган хуваарилж, хэрэггүйг гадагшлуулж байдаг. Үүнээс гадна бидний сэтгэл зүйтэй хоол боловсруулах үйл явц нь чухал хамааралтай байдаг тул биед тохиромжгүй хоол хүнс идсэний дараа бие сэтгэл санаа аль аль нь хямардаг байна. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эрүүл мэнд нь насжилтын чанарт ихээхэн нөлөөлдөг. Монгол Улсын хэмжээнд амбулаторийн өвчлөлийн тэргүүлэх 2 дугаар шалтгаан нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд байгаа нь бид ходоод гэдсэндээ онцгойлон анхаарах ёстой гэдгийг харуулж байна.  


Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн муудах нь ямар эрсдэлтэй вэ?  

  • Хоол шингээх үйл явц удаашрах
  • Гэдэс дүүрэх 
  • Хурдан цадах мэдрэмж төрөх
  • Хэвлийн дээд хэсэгт өвдөх 
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хоолны дуршил буурах 
  • Ходоодны хүчил ихсэж, цээж хорсох 
  • Цусан дахь сахрын хэлбэлзэл 
  • Өтгөн хаталт зэрэг шинж тэмдэг илэрдэг. 


Хоолны шингэц муудах нь хоол боловсруулах замын өвчлөл ихсэх, жинд өөрчлөлт гарах, шим тэжээлийн дутагдалд орох, биед таагүй мэдрэмж төрөх, дархлааны систем муудахад нөлөөлдөг ба сэтгэл зүйн эрүүл мэнд болон арьсанд сөрөг нөлөөтэй байдаг. 


Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 


1. Эслэг эдийг нэмэгдүүлэх, ашигтай бактери хэрэглэх

Пробиотик буюу ашигтай бактери нь ходоод гэдэсний бактерийн тэнцвэртэй байдлыг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг бол эслэг эд нь таны биед байгаа ашигтай сайн бактериудад хоол болдог байна. Эдгээр нь хоол боловсруулалт болон дархлааг дэмжиж, өвчин үүсгэгч бактериудыг устгахад, антибиотикийн хорыг гадагшлуулах зэрэгт тустай байдаг. Тэр дундаа ходоодны архаг өвчлөл үүсгэгч хеликобактерийг устгахад эерэг нөлөө үзүүлдэг аж. Иймд амьд пробиотик агуулсан исгэлэн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Бидний өдөр тутамдаа хэрэглэж болох ашигтай бактери агуулсан хүнсний бүтээгдэхүүнд мисо шөл, тараг, даршилсан байцаа ба өргөст хэмх, моцарелла, чеддер, гауда зэрэг бяслагууд орно. 

2. Зөв хооллолт

Бэлэн, дахин боловсруулсан хүнсээ багасгаж, шинэ ногоо, жимс, бүхэл үрийн талх ба гурилыг өдөр тутамдаа хэрэглэх нь бодисын солилцоо сайжирч, эд эрхтнүүдийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Тэр дундаа хоол зүйчид навчит ногоог түүхийгээр нь хэрэглэхийг зөвлөдөг. Зөв, тэнцвэртэй хооллох энгийн зөвлөмжүүдээс дурдвал нэг дор их хэмжээний хоол идэх бус, бага бага хэмжээгээр тогтмол идэж хэвших, тогтмол цагт хооллох, хэт их тостой, шарсан хуурсан хоол хүнснээс татгалзах, өөрийн хэрэглэж буй хоол хүнсний шим тэжээлийг тооцоолох зэрэг орно. 

3. Ус уух

Хангалттай ус уух нь эрүүл гэдэстэй байх болон өтгөнөө гадагшлуулахад нөлөөлөх амин чухал хүчин зүйл юм. Хүн өөрийн нас, биеийн жин, амьдралын хэв маяг дээр үндэслэн өдөрт авах ёстой шингэний хэмжээг гаргаж ирэн түүнийхээ дагуу ус уух нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих, өтгөн хаталт, гэдэс дүүргэлт ба таагүй мэдрэмжээс урьдчилан сэргийлэх зэрэг олон ач холбогдолтой. Хүнсэндээ илүүдэл калори нэмэгдүүлэхгүйн тулд чихэрлэг уух зүйлээс татгалзаарай. 

4. Дасгал хөдөлгөөн 

Ямар ч спортын төрөл ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Аэробикийн дасгалууд цусны эргэлтийг эрчимжүүлснээр ходоодны ажлыг идэвхжүүлж өгдөг бол, харин сунгалтын дасгалууд ба йога нь дотроос иллэг хийх адил нөлөө үзүүлдэг байна. 


Та дээрх зөвлөгөөг даган ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, эрүүл мэнддээ анхаарснаар ирээдүйд учирч болох аюулт өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалах юм. 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл