Аминхүчил гэж юу вэ? Бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

2024-04-10 10:03
Аминхүчил гэж юу вэ? Бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Амьд бие махбодын найрлагад оролцдог шим бодисуудаас (нүүрс ус, өөх тос гэх мэт) онцгой чухал бөгөөд бүтцээрээ хамгийн нийлмэл нэгдэл бол уураг юм. Уургийг бүрдүүлдэг мономерийг аминхүчил гэнэ. Аминхүчил нь найрлагадаа амин болон карбоксил бүлэг агуулсан байна.

Шинжлэх ухаанд одоогоор 500 гаруй аминхүчил мэдэгдээд байгаагаас 20 аминхүчил бодисын солилцоонд идэвхтэй оролцдог тул амьдралын амин чухал аминхүчлүүд гэдэг. Аминхүчлүүдийн найрлага, дарааллыг хялбар дүрслэхийн тулд тухайн аминхүчлийг 3 үсгээр товч тэмдэглэдэг. Жишээ нь Аланин гэх аминхүчлийг Ala гэж нэрлэнэ. 

Уураг нь амьд бие махбодын үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой дараах үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:

1. Катализатор үүрэг: Эсийн доторх олон янзын химийн урвал нь энзим хэмээх биологийн катализаторын тусламжтайгаар явагддаг.

2. Бүтцийн үүрэг: Амьд бие махбодын эсийн химийн найрлагын 16-18%- ийг уураг эзэлдэг.

3. Энергийн үүрэг: 1 гр уураг бүрэн задрахад 17, 15 кЖ (4.1 ккал) дулаан ялгардаг.

4. Зөөх үүрэг: Уураг нь эсийг хүчилтөрөгчөөр хангах, нүүрсхүчлийн хийг зайлуулахад зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Мөн өөх тос, эрдэс бодисуудыг өвөрмөц бүтэц бүхий уургууд тээдэг.

5. Удамшил дамжуулах үүрэг: Удамшил дамжуулах процесст энгийн уураг гистон ба нуклеин хүчлээс (ДНХ, РНХ) тогтсон нийлмэл уураг болох нуклеопротеид гүйцэтгэдэг.

6. Хамгаалах үүрэг: Гадаад орчны таагүй хүчин зүйл болон дотоод орчны тогтмол байдал алдагдахын эсрэг төрөл бүрийн хамгаалах үүрэгтэй уургууд байдаг.

7. Зохицуулах үүрэг: Цусны болон эсийн осмос даралт, орчны рНийг тогтмол хэмжээнд хадгалах, бодисын солилцоог зохицуулах, хянах гормонууд нь уургаас бүтсэн байдаг.

8. Тэжээлийн бодисын үүрэг: Өндөг, мах, махан бүтээгдэхүүн, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд уургаар баялаг.

9. Агших үүрэг: Булчингийн агшилт, сулралтад олон уураг оролцдогоос гол үүргийг актин ба миозин гүйцэтгэдэг. Уургийн эдгээр үндсэн үүрэг нь тэдгээрийн бие махбодод гүйцэтгэдэг үүрэг, ач холбогдлыг хангалттай харуулдаг.

Хүний биеийн булчин, эс, болон бусад эдүүдэд уураг хэлбэртэйгээр орших амин хүчил нь  уургийн нийлэгжилт, эсийн найрлага, энергийн солилцоо, булчингийн эрүүл мэнд зэрэг биеийн янз бүрийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй оролцож байдаг. Хоол хүнсээр авч байгаа уургийг амин хүчлүүд болгож задлахад 3-4 цаг шаарддаг бөгөөд уургийг задалдаг ходоодны хүчил 40 наснаас хойш байнга буурдаг байна. Үүнээс болж нас ахих тусам уургын дутагдлаас үүдэлтэй булчингийн алдагдалд ордог ба улмаар хөдөлгөөний дутагдалд орж идэвхтэй амьдралын хэв маягаа алдах эрсдэл үүсдэг. Иймд аминхүчлийг зохистой, хангалттай хэмжээгээр авах нь ерөнхий эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хадгалахад маш чухал юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл