Дэлхий нийтээрээ эрүүл мэнддээ анхаарах болсон өнөөгийн нийгэмд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх болжээ. 2023 онд явагдсан судалгаагаар АНУ-н насанд хүрсэн 4 хүн тутмын 3 нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд түүний тал нь буюу 55% нь “тогтмол” хэрэглэж заншсан хэрэглэгч нар гэсэн судалгаа гарсан байна. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүний сонголт ихэссэн одоо үед энэ олон витамин, хүнсний нэмэлтүүдээс хэрхэн итгэл даахуйц, чанартайг нь сонгох вэ? Дараах 5 зөвлөмжтэй танилцана уу:
1. Шошго эсвэл компанийн танилцуулга дээр GMP болон USDA Organic гэх мэт чанарын шаардлага хангасан сертификат бүхий тэмдэглэгээг анхаарах.
Таны хамгийн эхэнд анхаарах зүйл бол найдвартай, чанарын шаардлага хангасан брэндийг олох явдал юм. Хүний биед гаж нөлөө үзүүлэхгүй органик орц найрлагатай /USDA Organic/ , үйлдвэрлэлийн стандартыг хангасан /GMP/ болон бусад non-GMO, SQF зэрэг чанарын шаардлагыг хангасан сертификат бүхий тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэхийг танд зөвлөж байна.
2. Таны биеийг ид шидийн мэт эрүүл болгох амлалт бүхий бүтээгдэхүүнээс зайлсхийх
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь өвчин анагаадаг шидэт эм биш тул таны биеийг ид шидийн мэт эрүүлжүүлэхгүй. Тиймээс аливаа үлгэрийн мэт сурталчилгаатай бүтээгдэхүүнүүдээс зайлсхийж, сайтар судалж үзсэний дараа сонголтоо хийж байхыг зөвлөж байна.
3. Албан ёсны эрхтэй, найдвартай газраас худалдан авалт хийх
Онлайн худалдаа эсвэл аливаа дэлгүүр, эмийн сангаас худалдан авалт хийхдээ албан ёсны эрхтэй, найдвартай газрыг сонгоорой. Онлайн худалдаагаар захиалах бол удаан үйл ажиллагаа явуулсан эсэх, хэрэглэгчдийн сэтгэгдэл болон албан ёсны эрхтэй компани эсэхийг нягтлах нь зүйтэй. Гуравдагч газар буюу хувь хүнээс худалдан авах нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалах нөхцөл алдагдсан байх, бүр цаашлаад хуурамч бүтээгдэхүүн байх эрсдэлтэй тул аль болох албан ёсны эрхтэй, найдвартай газраас худалдан авалт хийж байхыг зөвлөж байна.
4. Орц найрлага болон тунгийн хэмжээг сайтар шалгаж авах
Та эрүүл мэнддээ түр цаг гаргаж худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлага, тунгийн талаар бага зэрэг судалгаа хийгээрэй. Бүтээгдэхүүний тунгийн хэмжээ болон найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүнээс зайлсхийж, шошгон дээрх мэдээллийн ил тод байдлыг чухалчилж анхаараарай. Мөн өөрт шаардлагатай тунгаа зөв тодорхойлж, тун хэтрүүлж хэрэглэхгүй байх тал дээр анхаарах нь зүйтэй.
5. Харшилтай эсвэл аливаа бүтээгдэхүүнд мэдрэмтгий бол илүү сайн шалгах
Зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь глутен, шар буурцаг, сүүн бүтээгдэхүүн болон самрын агууламжтай байдаг. Хэрэв та харшилтай эсвэл аливаа бүтээгдэхүүнд хэт мэдрэмтгий бол худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ шошгон дээрх мэдээллийг сайн шалган харшил хөдөлгөх ямар нэг найрлага ороогүйг баталгаажуулж хэвшээрэй.